Мах, махан бүтээгдэхүүний худалдааны “Натурал грасс ланд” ХХК-ийнхан малын хаягдал өөх болон бусад дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан, экспортолдог аж. Тус компанийнхан өнгөрсөн оноос “Өөхөө тушаая” аян зохион байгуулж байна. Энэ сарын 11-нд тэд Баянгол дүүргийн нутагдахь, “Улаанбаатар палас”-ын гадаах талбайд аянаа өрнүүлэхээр болжээ. “Натурал грасс ланд” ХХК-ийн хамт олон “Өөхөө тушаая” аяны хүрээнд айл өрхийн хэрэглэхгүй, малын гаралтай бүх төрлийн өөхийг кг-ыг 400, өөхөн тосыг 500 төгрөгөөр тооцон авч үндэсний үйлдвэрлэгчдийн бараагаар сольдог. Тэд байгальд ээлтэй энэ үйл ажиллагаагаа өргөжүүлж, 21 аймагт агент байгуулахаар бэлтгэж байгаа аж. Тус аяныг санаачлагч Р.Батнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Өөхөө тушаая” аяныг Улаанбаатар хотын бүх дүүрэгт өрнүүлэх үү?
-Бүх дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөөгүй ч хотоо тойроод нэлээд явсан. Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн гадна, Сонгинохайрханд “Содон” хороололд, Чингэлтэйд Долоон буудалд очиж, айлуудаас өөх, тос авч байлаа. Анх удаа Баянгол дүүрэгт аян зохион байгуулах гэж байна. Бид хамгийн анх Төв аймгийн Зуунмод сумд аянаа өрнүүлсэн.
-Иргэд хэр идэвхтэй оролцдог бол?
-Иргэд хог хаягдлыг дахин боловсруулах тухай ойлголттой болж байгаа нь энэ аянаас харагддаг юм. Их идэвхтэй оролцдог. Манайх 30-аас дээш кг жинтэй өөх, тосыг хаягаар нь очиж авдаг. Ашиглахгүй, хэрэглэхгүй өөх, тос хогийн цэгт хаягдсанаар байгаль орчин бохирдуулж, бидний амьсгалах агаарт ч сөрөг нөлөөтэй. Тиймээс үндэсний үйлдвэрийн саван, ариун цэврийн цаас зэрэг хэрэгцээт ахуйн бараагаар сольж авдаг. Орон нутгийн иргэд өөх тосоо битгий хаяарай, “Эмээлт”, “Дэнжийн мянга”-д манай салбар байнга ажиллаж байгаа шүү.
-Танайх өөх тосоор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Манайх одоохондоо техникийн тос үйлдвэрлэж, экспортолж байна. Дотоодын савангийн үйлдвэрүүд манай компаниас түүхий эдээ авдаг. Мөн өөх тосноос гарсан шимэлдгийг нохой, муур, гахайн хоол үйлдвэрлэгчдэд нийлүүлж байна.
Бэлтгэсэн Ю.Төгсжаргал