Хан-Уул дүүрэгт, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил гацжээ. Тус дүүргийн ЗДТГ-ын захиалгаар уг ажлыг гүйцэтгэж буй “Туулын гүүр далай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун өнгөрсөн оны наймдугаар сард “Бид ажлаа энэ сарын 1-нд эхлүүлсэн. Замыг наймдугаар сарын 21-нд нээх төлөвлөгөөтэй. Нүхэн гарцыг бүхэлд нь есдүгээр сард ашиглалтад оруулах юм. Ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээнэ” гэж байлаа. Гэсэн ч тэд амласандаа хүрэлгүй өвөлтэй золгосон билээ. Компанийн талбайн инженер Балчиндорж хариу өгөөгүй тул Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргаас мэдээлэл авсан юм. Тэрбээр “Нүхэн гарц байгуулж буй хүмүүс өчигдрөөс ажлаа үргэлжлүүлж байна. Дүүргийн захиргаанаас шавдуулж байгаа юм билээ. Өнөөдөр шилэн фасадаа угааж байна лээ. Одоо ер нь дотоод тохижилтын ажил л дутуу юм гэсэн. Намар хүйтрээд ажил хийх аргагүй болсон байх л даа. Удахгүй ашиглалтад өгөх биз ээ” гэв.
Яармаг орчимд шинэ суурьшлын бүсүүд бий болж, орон сууцын барилгууд нэмэгдсээр буй. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг ч олширсон. Нүхэн гарцын ойр орчимд л гэхэд тус бүртээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Тус дүүргийн дөрөв, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрсэн. Тиймээс явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс уг гарцыг бариулж буй аж. Гэтэл гүйцэтгэл ийм явцтай. Дүүргийн захиалгыг цалгардуулж, хүний эрүүл мэндэд хохирол учруулж, иргэдийг бухимдуулсаар буй “Туулын гүүр далай” ХХК-ийнхан бүтээн байгуулалтын ажлыг зургаан сараар хоцроосон гэм буруугаа хүлээж буй юм болов уу. Захиалагч талаас тэдэнд зүгээс хариуцлага тооцох уу.
Бэлтгэсэн Р.Жаргал