Голуудын сав газраар шар усны үер буух эрсдэл өндөр байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ. Манай орны нийт нутгийн 40 хувь нь өдгөө цастай бөгөөд дундаж зузаан нь есөн см аж. Тухайлбал, Увс, Хяргас нуур, Тэс, Завхан, Үенч, Бодонч, Булган, Шишхэд, Хараа, Халх, Идэр голын сав газруудын 70-90 хувь нь цастай гэнэ. Мөн Чулуут, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Ховд зэрэг голын сав газрын 60 орчим хувь нь цастай юм байна. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор дээрх голуудын саваар шар усныүер буух эрсдэлтэй аж. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм шар усны үерээр дамжин ус бохирдуулах, улмаар өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохиохарга хэмжээ авч, цаг алдалгүй цэвэрлэгээ, устгал хийхийг зөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч