Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Хуралдаанаас Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг гаргажээ. Мөн нэг сая 770 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдууллаа.
Тодруулбал, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Ч.Маралмааг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай хүсэлт зэргийг харгалзан түүнд гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.770.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасны дагуу дээрх гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд 1 жилээс 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахыг хязгаарлаж хасах нэмэгдэл ял оногдуулж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах бөгөөд ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солино.
Хэргийг эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж 7 автомашин мөргөсөн байдаг.