АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн С.Онон, Г.Мэндбаяр, Б.Даваа нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх хянаж байна. Тэдний гэм буруутай, эсэхийг дэнслэхээр өнгөрсөн сарын 27-нд товлоод байсан ч улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Г.Ганхөлөг шүүх хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 16-нд хэлэлцэхээр болжээ. Дээрх гурван албан тушаалтныг олон улсын ачаа тээврийн буюу өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжид С зөвшөөрөл гаргаж, хахууль авсан хэрэгт буруутгаж буй. К.Айдос, Г.Мэндбаяр нар албан тушаалаа урвуулж БНХАУ-ын иргэн Ву Юундалай болон хэд хэдэн компанид давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэдэг. Мөн К.Айдос “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Г.Мэндбаяр нь нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас таван сая төгрөгийн хахууль авсныг мөрдөгчид шалгаж тогтоосон юм. Дээрх хоёр хүнтэй хамт АТҮТ-ийн Хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.Ононг холбогдуулан шалгаад “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон, “iPhone-13” загварын гар утсыг 2021 оны сүүлчээр хахуульд авсан хэмээн буруутгасан байдаг.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Даваанямыг хахууль авсан, мэргэжилтэн Б.Оргилболд, ймаг дахь тус төвийн техникийн, хяналтын, үзлэгийн оношлогч инженер Э.Шарав-Арилдий нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг бас хянаж буй юм. Тэд үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг оруулсан мэтээр бүртгэл хийлгэх гэсэн хүнээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хадны суурьшлын бүсэд байрладаг “Дорнын өртөө” ХХК-ийн кэмп болон бусад газарт их хэмжээний юань, төгрөг хахуульд авсан хэрэгт холбогдсон бөгөөд нийт 37.5 сая төгрөг халаасалсныг АТГ-ынхан тогтоосон аж. Үүнээс гадна “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн гурав, “Монпорт” ХХК-ийн 30, “Тавантолгой шин” ХХК-ийн 122 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй. Дээрх салбарын даргад манай улсын иргэн С.Эрдэнэтовч, БНХАУ-ын иргэн Saienbaoyin (Ж.Сайнбуян) хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдсан юм. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд хийж, нэр бүхий компаниудын итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүмүүс уг хэрэгт ямар үүрэг, оролцоотой байсныг тодруулах, хахуульд өгч, авсан мөнгийг төгрөг, юанийн аль нь болохыг тогтоож, валют бол үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж тооцох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг төгрөгөөр тодорхойлох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэхээр шийдвэрлэсэн аж. Улмаар С.Даваанямыг яллагдагч С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, Б.Оргилболд, Өмнөговь аймаг дахь хилийн 0131 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан В.Хундгаа, иргэн Ч.Сарантуяа нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.
Бэлтгэсэн Г.Орчлон