Улаанбаатар хотын эдийн засгийн форумыг ирэх дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулахаар төлөвлөөд буй. Анх 2013 онд “Хөгжлийн төлөө түншлэл” нэртэйгээр уг форумыг зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл 2019 оноос “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” нэртэйгээр уламжлал болон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн арга хэмжээг дэлхий дахинд дэгдсэн “Ковид-19” цар тахлын дараах буюу эдийн засаг дахин сэргэх үед зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
Улаанбаатар хотын эдийн засгийн форумыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнгөрсөн сарын 28-нд хуралдав. Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн уг форумд нийслэл хот ойрын 1-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, баримтлах бодлогоо дэлгэрэнгүй танилцуулах нь чухлыг онцоллоо. Түүнчлэн эдгээр төсөл, арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах боломжийн талаар танилцуулах юм. Энэ удаагийн форумд дотоодын аж ахуйн нэгжүүд төдийгүй олон улсын түнш, хамтын ажиллагаатай улс орнууд, байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулахаар төлөвлөжээ.