Япон Улсын Токио хотноо “G-NETS” буюу “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” хотын дарга нарын форум боллоо. Форумд 30 гаруй хотын удирдлага оролцож, Токио хотын захирагч Юрико Коикэ нээлтийн үг хэлснээр эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй албаныхан оролцсон юм. Япон Улсын Токио хотын захирагч Юрико Коикэгийн санаачилгаар байгуулсан олон улсын “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь дэлхийн хотуудад нийтлэг тулгамддаг асуудлуудын шийдлийг олж, тогтвортой нийгмийг байгуулахын төлөө холбогдох асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Тус сүлжээ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэлхийн хотууд хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэнд хүртээмжтэй, шударга нийгэм, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь өнгөрсөн 2022 оны есдүгээр сард мэргэжилтнүүдийн түвшний цахим хурал болон арваннэгдүгээр сард удирдлагуудын түвшний форумыг Токио хотноо зохион байгуулсан. Харин хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-нд хотын дарга нарын форумыг “Ковид-19” цар тахлын дараах шударга, тогтвортой нийгмийг бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.
Цар тахлын дараагаар хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт болон “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг “Хүмүүс хоорондын холбоо”, “Аюулгүй байдал болон хамгаалалт”, “Хотуудын хүрээлэн буй орчин” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна. Түүнчлэн тус форумаар хүртээмжтэй, шударга нийгмийг бүтээх, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван чиглэлийн хүрээнд шинэ санаачилга гаргах зорилт тавьж буй. Форумын төгсгөлд тус арга хэмжээний үеэр хэлэлцсэн асуудлууд болон шийдлүүд, санаачилгын талаар “Токио тунхаглал-2023”-ыг гаргалаа. Энэ тунхаглалд илүү хүртээмжтэй, аюулгүй хотыг бий болгох, тогтвортой, шударга нийгмийг цогцлоох заалтуудыг тусгасан. Тухайлбал, жендерийн тэгш эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах талаар онцолсон юм. Мөн байгалийн гамшгийн хор хохирлыг бууруулах, тухайлбал, Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг арилгахад хотууд нэгдэн туслах санаачилгыг энэхүү тунхаглалд багтаав. Токио хотын захирагч Юрико Коикэ “Уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг бидэнд тулгамдаж буй асуудал нийтлэг. Цаашид эдгээр асуудал, бэрхшээлийг хамтдаа даван туулж, сайн туршлага, шинэ санаачилгаа хуваалцахаар дэлхийн таван тивээс 30 гаруй хотын төлөөллийг оролцуулсан “G-NETS” форумыг зохион байгууллаа. Оролцогчдын олонх нь цар тахал болон Орос, Украины дайнаас үүдсэн бэрхшээл, тэр дундаа эрчим хүчний хямралын талаар онцолж байна. Мөн хүн амын хэт төвлөрөл, насжилт, төрөлт буурах, байгаль экологийн тэнцвэр гээд адил төстэй асуудлууд бүгдэд тулгарч буй нь уулзалтаас харагдлаа. Токио хотын зүгээс форумын оролцогч, зочдод хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалт, дэвшилтэт технологио танилцуулсан. Мөн бусад хоттой туршлагаа хуваалцаж хэлэлцсэнээр олон асуудлыг шийдэх гарцыг олж харлаа. Цаашид “G-NETS”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр Ажлын хэсэг гаргаж, хотуудын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Тухайлбал, ирэх оны тавдугаар сард “G-NETS” олон улсын хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулна” хэмээлээ.