Засгийн газрын 2022 оны 371 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Үндэсний хорооны дэд дарга, Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын Сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Золбоо, Цахим хөгжлийн Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч З.Төмөртөмөө, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болон Монголын Ресторан Зоогийн газрын холбоо, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хэд хэдэн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.
Хуралдаанд Соёлын яамнаас Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны тухай танилцуулга, Гадаад харилцааны яамнаас “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийн танилцуулга”, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос “Нэг сая жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх талаарх танилцуулга”, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Аялал жуулчлалын цахим шилжилт”-ийн талаар танилцуулгуудыг тус тус хийлээ.
Хуралдааны төгсгөлд Монголын Ресторан зоогийн газрын холбооны зүгээс 2 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол Оросын тур операторуудын бизнес форумын тайлан, дүгнэлт”-ийн талаар Үндэсний хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Монгол орныг зорих гадаад жуулчдад цахимаар виз олгох цар хүрээг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалд түшиглэн богино зайд хямд үнэтэй бүсийн нислэг үйлдэх, нислэгийн давтамж, суудлын тоо хязгаарлалтыг цуцлах, агаарын тээврийн либералчлалд дорвитой алхам хийх, олон улсын жишиг, стандартад нийцсэн нисэх онгоцны буудлын тоог нэмэгдүүлэх, зочид буудал, үйлчилгээний салбарын стандартыг шинэчлэн мөрдүүлэх, үйлчилгээний салбарын ажил, мэргэжлийн индексийг эргэн харах зэрэг асуудлыг оролцогч талуудын төлөөлөл хөндөж байв.
Энэ удаагийн хуралдаанд оролцогчдын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах хэд хэдэн асуудлыг дэвшүүлсэн бөгөөд Үндэсний хорооноос баталсан тогтоол, зөвлөмжийг салбар бүрт ажил хэрэг болгохыг даалгав.