Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болжээ. Бидний авсан мэдээллээр энэ хоёр албан тушаалтан улсын төсвийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд хэрэгжүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа танил талдаа үйлчилсэн хэрэгт холбогдсон юм байна. Найз Н.Болорчулууны гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлийн “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийг дээрх сонгон шалгаруулалтад ялуулах зорилгоор Л.Чой-Иш тендер шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нөлөөлсөн гэнэ. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан, өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийг шалгаруулсан аж. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сард Мал хамгаалах сангаас гурван тэрбум төгрөгийн хүүгүй зээл авах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Мал хамгаалах сангаас зээл авсан Н.Болорчулуун захиралтай “Чансаа хан хөхий холдинг” компани авсан зээлийнхээ 1.2 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш ийнхүү найздаа давуу байдал олгосон бол Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар мөн л өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн, малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч байхдаа найз Ж.Саруул болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Ийствест ресурс”, “Бор банди групп”, “Эрхжин” ХХК дээр дурдсан шаардлага хангаагүй байхад албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэнэ. Улмаар Мал хамгаалах сангаас “Ийствест ресурс”-д 1.1 тэрбум, “Бор банди групп”-д 190 сая, “Эрхжин” ХХК-д 650 сая төгрөгийн хүүгүй зээл авчээ. Тэдэнд холбогдох хэргийн урьчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийх байсан ч ирэх долоо хоног болтол хойшлуулжээ.