“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг өчигдөр хийхээр өнгөрсөн сард болсон урьдчилсан хэлэлцүүлгээр товлосон билээ. НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн 1741000380228 дугаартай уг хэргийн шүүх хурал өчигдөр 10.00 цагийн үед “Улаанбаатар” чуулгын байранд эхэлсэн боловч шүүгдэгч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, “Мондулаан трейд” ХХК-ийн зээлд нөлөөлсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Баярчимэг нар гадаадад албан томилолтоор явсан, эл банкны Зээлийн газрын захирал асан, шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, уг банкны хэлтсийн дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, Сангийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан, энэ банкны ТУЗ-ийн гишүүн, “Монгол драй милк” компанид давуу байдал олгоход нөлөөлсөн хэргийн яллагдагч О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нар шүүх хурал давхацсан шалтгаанаар хурлыг хойшлуулав. Мөн энэ банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан, шүүгдэгч О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй, Хуулийн хэлтсийн дарга асан, шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас, тус банкны хуульч асан, шүүгдэгч Б.Чинзориг өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах санал шүүх бүрэлдэхүүнд хүргүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд дээрх шүүгчдэгч нарын хүсэлтүүдийг харгалзан үзэж, хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны 08.30 цагт хийхээр хойшлууллаа. Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан шүүгдэгч, ЗГХЭГ-ын дэд дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамба, гишүүн, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Сангийн яамны газрын дарга асан Ж.Үхэртар, Т.Оюунчимэг, О.Хуягцогт, Б.Найдалаа, Н.Баярчимэг, Хуулийн хэлтсийн захирал асан М.Золжаргал, хуульч Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Гантогтох, энэ банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын мэргэжилтэн Д.Уянга, банкны ахлах мэргэжилтэн Л.Аззаяа, мэргэжилтэн Ц.Билгүүн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, “Мон-Ус” ТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баярсайхан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, Г.Санжмятав, ЗТХ-ийн болон ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа, НВЦХХК-ийн хамаарал бүхий этгээд Б.Цэрэндаваа, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хамаарал бүхий этгээд болох Ё.Доржсумъяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, яллагдагчаар татагдсан аж ахуйн нэгжүүдийн хамаарал бүхий этгээд болох Ц.Цэвэгмэд, Л.Ням-Очир, малчин Б.Баттөр гэсэн 32 шүүгдэгчид улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ нэмж авлаа. Бусад 40 шүүгдэгчид өмнө нь авсан уг таслах сэргийлэх арга хэмжээ, зургаан шүүгдэгчийн хилээр гарах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, нэг шүүгдэгчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, мөн нэг хүний цагдан хорих арга хэмжээ авсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өчигдрийн шүүх хурлын үеэр хэргийн оролцогчид гэрч, шинжээч дуудан оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс “Шүүх хуралдаан бүхэлдээ хаалттай горимоор явахгүй, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдаан нээлттэй явагдана” гэдгээ тодотголоо.
Бэлтгэсэн Г.Орчлон