“Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүний шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өчигдөр мэдээлэл хийж, дээрх шүүх хурлыг хаалттай явуулахыг эсэргүүцэв. Тэрбээр “Хувь хүний эмзэг мэдээллийг сонсож, хэлэлцэхдээ шүүх хуралдааныг хэсэгчилсэн байдлаар, хаалттай явуулж болно. Энэ бол төрийн нууцтай холбоотой шүүх хурал биш. Хаалттай хуралдвал ял завших, наймаалцах эрсдэлтэй. Уг хэрэгт улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон шүү дээ. УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан сонсголын үеэр дэлгэсэн нотлох баримтыг шүүх ашиглаж буй, эсэхийг УИХ-ын гишүүний хувьд хармаар байна” гэв.