Энэ улиралд NBA-ийн супер одод 148 тоглолтод 40-өөс дээш оноо аваад байна. Тэдний дундаас хамгийн өндөр буюу 71 оноог энэ оны эхээр Д.Митчелл (Кливлэнд), өнгөрсөн ням гарагт Д.Лиллард (Портлэнд) авсан. Гэхдээ “Рокитс”-ын эсрэг тоглолтод Дэймийн авсан 71 оноо доорх шалтгаануудын улмаас түүхэнд үлдэхээрбайна.
•Лигийн түүхэнд нэг тоглолтод хамгийн олон оноо авсан үзүүлэлтээр Д.Лиллард наймдугаар байрт орж ирлээ. Түүний өмнө У.Чэмберлэн (таван удаа), К.Брайант, Д.Томпсон нар бичигддэг.
Сонирхолтой нь, дөрвөн ч тоглогч 71 оноон дээр “гацжээ”. Тухайлбал, 1960 оны намар Э.Бэйлорын авсан 71 оноо нь У.Чэмберлэнийг 100 оноо авах хүртэл NBA-ийн дээд амжилт болж байв. Түүн дээр 1994 оны хавар 71 оноо авсан “Адмирал” Д.Робинсон, энэ оны нэгдүгээр сарын 2-нд мөн тооны оноо авсан Д.Митчеллийг нэмэх хэрэгтэй.
•Лигт 60-аас олон оноо авсан тоглолтын тоогоор Д.Лиллард гуравдугаар байрт оров. Түүний өмнө У.Чэмберлэн (32 тоглолт), К.Брайант (6) бий. Харин Дэйм нийт таван тоглолтод 60-аас дээш оноо авчээ. Тодруулбал, дээрх 71-ээс гадна 60, 61 оноотой хоёр тоглолт түүнд бий.
Үүнээс гадна нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтад Дэймийн нэр зургаан удаа бичигддэг. Түүнчлэн 59 оноотой бас нэг тоглолт бий. Мөн нэг улиралд 60-аас дээш оноо авсан тоглолтын тоогоор У.Чэмберлэн, М.Жордан, К.Брайант, Ж.Харден нартай эн зэрэгцдэг.
•“Блэзерс” багийн түүхэнд хамгийн олон оноо авсан дээд амжилтыг 2005 онд 54 оноо “түүсэн” Д.Стаудмайер эзэмшиж байв. Харин одоо тус багийн дээд амжилтын жагсаалт ийм болжээ.
71 оноо-Д.Лиллард
61 оноо (хоёрудаа)-Д.Лиллард
60 оноо (хоёрудаа)-Д.Лиллард
59 оноо-Д.Лиллард
•Лигийн түүхэнд 70 оноо авсан хамгийн ахмад тоглогч нь Дэйм (32 нас, 226 өдөр) боллоо. Д.Робинсон онооны дээд амжилтаа 28 настайдаа тогтоож байсан юм.
•Д.Лиллардын 71 онооны амжилтад нөлөөлсөн өөр нэг зүйл бол шидэлтүүд. Д.Митчелл л түүнээс цөөн довтолгооноор (34) 70 онооны босго давжээ. Харин “Рокитс”-ын эсрэг тоглолтод Дэйм 38 удаа довтолж, үүнээс 22-ыг нь оновчтой болгосон. Торгуулийн 14 шидэлтээ бүгдийг оруулсан нь ийм олон оноо авсан бусад тоглогчтой харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. Харин гурван онооны 22 шидэлтийн 13-ыг оруулсан нь К.Томпсоны дээд амжилтын (14 оновчтой шидэлт) дараа орох үзүүлэлт болжээ. Үүнээс таван шидэлтээ цагаригаас есөн метрийн хол зайнаас оруулсан нь мөн рекорд аж. Түүний нийт оновчтой шидэлтийн урт 129 метр болсон нь лигийн шинэ дээд амжилт юм.
•Дэйм мөн хамгийн бага хугацаанд 71 оноо авч дээд амжилт тогтоосон. Д.Митчелл 71 дэх оноогоо нэмэлт цагт авсан. Тэгвэл Д.Лиллард үндсэн цагт буюу 39 минутад өдий тооны оноо авчээ. К.Брайант 42 минутад 81 оноо авсныг сануулъя.
• Д.Лиллард бол 70 онооноос гадна таван удаа самбараас бөмбөг авч, таван оновчтой дамжуулалт өгч, 10-аас олон удаа гурван онооны шидэлтээ оруулсан анхны тоглогч юм.
Лигийн шилдэг мэргэн бууч, оноо түүгчдийн нэг Д.Лиллард тоглолтын дараа “Сагсан бөмбөг бол миний хувьд урлаг. Учир нь түүнд их олон деталь оршдог. Багийн дотор, тоглолтод, улирлын явцад их олон зүйл болдог. Энэ бүхнийг дүрслэх сая арга, нотлох ёстой сая нюанс, өөрчлөх ёстой сая зүйл байдаг. Олон өвдөлт, их хөдөлмөр ч бий. Мөн хүн бүр тухайн тоглолт, тухайн мөчийг өөр өөрөөр тайлбарлаж, өөрийн өнцгөөс хардаг. Тийм учраас л би сагсан бөмбөгийг урлаг гэж хэлэх дуртай” хэмээн өгүүлжээ.
Бэлтгэсэн Н.Энх