“Аавуудын нэгдэл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, тус байгууллагын эцсийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Түмэнжаргалын Цэнд-Аюушийг хандивын хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.12-1-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд “Хүүхдийн төв сувилалд туслах” хандивын аян өрнүүлсэн байна. Энэ хандивт нь 517 иргэн нэгдэж, тодорхой хэмжээний мөнгө шилжүүлжээ. Гэтэл Т.Цэнд-Аюуш 10.9 сая гаруй төгрөгийг нь хувьдаа авч ашигласан хэрэгт холбогдон, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ.