Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай, иргэдийн цалин бага байгаа талаар МҮЭХ-ноос өчигдөр мэдээллээ. Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монголд хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна. Энэ нь иргэд ажиллах, бүтээмжээ нэмэгдүүлэх сонирхолгүй болоход нөлөөлж буй. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад оролцсон хүмүүсийн 80 орчим хувь нь цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй гэсэн. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээв. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг нэмсэн ч дийлэнх олонх буюу бага, дунд албан тушаалтнуудын цалин өсөөгүй аж. Тухайлбал, өндөр албан тушаалтай хүмүүсийн цалин 200 000-300 000 төгрөгөөр өссөн бол цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч, жижүүрийнх 40 000-аар л нэмэгдсэн байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг өсгөөгүйг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа онцоллоо. Тэрбээр “Одоогоор эмч нарын суурь цалин сард 965 000, сувилагчдынх 800 000 орчим төгрөг байна. Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлана. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн хувцас олгохын зэрэгцээ залуу ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад анхаарч өгөөч” гэсэн юм. Цалин бага, бараа, бүтээгдэхүүний үнэ улам өссөөр байгаа энэ үед бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авах боломжгүй болсныг С.Эрдэнэбат мөн онцоллоо. Иймээс төрөөс бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах бодлого боловсруулах, цалингийн доод хэмжээг энэ сард багтаан нэмэх саналыг Засгийн газарт МҮЭХ-ноос хүргүүлэхээр болжээ.