“Ихбит” компани байгуулж, IHC хэмээх койн гарган иргэдээс олон тэрбум төгрөг татан төвлөрүүлж, буцааж олголгүй хохироосон хэрэгт шалгуулж буй О.Мөнхжин дээр нэмж тус компанийн эрх бүхий албан тушаалтан болон Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих захирамжийг шүүхээс гаргалаа. НПГ-аас дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2-т заасан “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хуульбусаар ашигласан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа билээ. Уг хэргийн яллагдагч О.Мөнхжинг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хилээр гарч АНУ руу явж болзошгүй гэх үндэслэлээр хоёрдугаар сарын 14-нд цагдан хорьсон. Тэр үед Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт ч бас хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих санал прокурорууд шүүхэд хүргүүлсэн юм. Гэвч уг хоёр яллагдагч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан бөгөөд түүнээс хойш прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид дахин гомдол гаргасныг уржигдар хэлэлцээд гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдсон гэж дүгнэсэн аж. Улмаар Б.Гантигийг хоёрдугаар сарын 27-ноос, Б.Эрхэмбаярыг мөн сарын 28-наас эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ. Ташрамд дурдахад, койны хөрөнгийг хуульбусаар ашигласан хэргийн яллагдагч дээрх гурван хүн нийлээд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хуулийн хоёр ч фирмийн 10-аад өмгөөлөгч хөлслөн эрхээ хамгаалуулж буй гэх мэдээлэл бий.
Бэлтгэсэн Г.Орчлон