“Public lab Mongolia” төрийн бус байгууллагаас агаарын бохирдлыг хэмжих “Airvisual pro” төхөөрөмжийг дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлуулжээ. Улмаар тус төхөөрөмжөөр мэдээлэл цуглуулж, 2019-2022 оны арванхоёрдугаар сард нийслэлчүүд хэдэн өдөр цэвэр агаараар амьсгалсныг тодруулж, дүн шинжилгээ хийсэн байна. Эл дүн шинжилгээндээ тулгуурлан 2019 оны арванхоёрдугаар сард улаанбаатарчууд гурван өдөр, дараа жилийнх нь мөн үед хоёр өдөр л цэвэр агаараар амьсгалсан гэх тооцоолол гаргажээ. 2021 оны тухайд мэдээлэл цуглуулж чадаагүй бөгөөд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард нийслэлийн иргэд ердөө гурван өдөр л цэвэр агаараар амьсгалсан, бусдад нь бохирдолтой байсан гэх дүн гарсан аж. Агаар бохирдуулагч гол элементүүдийн нэг PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрыг тогтмол хэмжиж, түүндээ тулгуурлан ийнхүү дүгнэсэн байна. Хотын зарим хэсэгт, тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эх, “Цайз” захын орчимд тухайн сарын бүх өдөр бохирдолтой байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хэсгийн оршин суугчид нэг ч хоног хэвийн, цэвэр агаараар амьсгалаагүй аж. Ташрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаар бол нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ шоо метрт 15 мкг байдаг гэнэ. Гэтэл манай улсын стандартад зааснаар хүлцэх хэмжээ 50 мкг. Түүнчлэн БНХАУ, АНУ-д PM2.5-ын хэмжээ нэг шоо метрт 250 мкг-д хүрэхэд маш их бохирдолтой гэж үздэг юм байна. Харин Монголын стандартаар бол дээрх үзүүлэлт 350 мкг-д хүрэхэд маш их бохирдолтойд тооцдог. Тиймээс Монгол Улс агаарын чанарын стандартаа олон улсын шаардлагад нийцүүлэн өөрчилж, сайжруулах шаардлагатайг дээрх байгууллагынхан тодотголоо.
Бэлтгэсэн М.Оч