АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хэргийг гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг 40 хэрэг шалгаж буйг онцолсон юм. Одоогоор нүүрсний хэргийг шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгө битүүмжилжээ. Гэхдээ хохирлын мөнгөн дүнг эцэслэн гаргаагүй байна. Улмаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Бат-Эрдэнийг ЭЦА-наас яллагдагчаар татсан гэнэ. Мөн Зам тээврийн сайд, Төрийн бичгийн дарга 2, гаалийн ажилтан, хилийн боомтын эрх бүхий албан тушаалтан гээд 22 хүнийг Эрүүгийн хуулийн 22-т заасны дагуу шалгаж байна. Түүнчлэн 17 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 35 хүнийг хилээр гарахыг хоригложээ.
Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна. Үүнд:
Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн
1. А.Адъяасүрэн Эрүүгийн хуулийн 22.5.1 буюу Хахууль өгөх,
2. Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
3. Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,
4. Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих,
5. Н.Наранбаатар Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,
6. Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
Мөн
Зам тээврийн хөгжлийн сайд асан -1,
Төрийн нарийн бичгийн дарга асан -2,
Аймаг, сумын Засаг дарга -2,
УИХ-ын гишүүний зөвлөх -1,
Гаалийн улсын байцаагч -12,
Хил хамгаалах байгууллага -4,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ -4,
Боомтын захиргааны мэргэжилтэн -2,
“Эрдэнэс таван толгой” ХК -6,
“Тавантолгой төмөр зам” ХХК -3,
Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан -14,
нийт 22 иргэн тус тус байна.
Үүний 18 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 20 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна.
Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад
94 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай, 5 зогсоол, 3 агуулах),
48 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
5 газар,
2 хуулийн этгээдийн хувьцаа,
35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээ,
4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.