Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвийг танилцуулав. Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 752 зээлдэгчид 79,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгов. Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монгол банк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлсэн гэнэ.
Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, эдийн засгийн үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын ЭСЯ, Койка, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Мөн Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээс нийт 10.400 гаруй санал авч, зонхилон гарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал, Лицензийн давхцал, газар өмчлүүлэхтэй холбоотой саналуудыг нэгтгэсэн байна.
Барилгын материалын үнийн өсөлт тооцож хэрэгжүүлэх тухай УИХ-ын 88-р тогтоолын хүрээнд магадлалын хянан баталгаажуулалтыг явуулж байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 20 аймгийн төлөөллүүд оролцов. “Газар хөдлөлтийн гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний талаарх танилцуулгыг бэлтгэж, ТНБД-д танилцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавараар барилгын нэгдсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болов.
"Нойтон болон чийгтэй орчинд ус тусгаарлах ажил гүйцэтгэх заавар” барилгын дүрмийн төслийг хянаж, батлуулахаар ажиллаж байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, яамдаас ирүүлсэн 35 саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
"Хүн амын нутагшил суурьшилтийн ерөнхий төлөвлөгөө"-ний төслийг нийт 5 аймагт хэлэлцүүлэв. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 6,7,13-р багийн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл, холбогдох баримт бичгийн бүрдэл, угсралт, ашиглалтын төлөв байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
"Оюу толгой" уурхайн өргөх байгууламж, цахилгаан, агааржуулалтын шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд газар дээр нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж холбогдох инженер, техникийн ажилтнууд болон удирдлагуудад хяналтын чиглэл тус бүрээр зөвлөмж, зөвлөгөө өгч, илэрч буй алдаа, дутагдлыг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн аж.