Эртний сүм, хийдийн туурь, булш, хиргисүүр хууль бусаар малтаж, түүх соёлын болон шашны эд зүйл олборлон борлуулахыг завдсан хүмүүсийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ. Б.Энхболд, Ц.Батболд, Б.Алтаншатар, Н.Лхагвадорж нар хамтран Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Архангайн Хотонт сумын нутгаас хууль бусаар археологийн малтлага хийж, XIX-XX зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 100 гаруй эд зүйл гарган авч, Чингэлтэй дүүргийн нутаг дахь эртний эдлэлийн “Авдар” гэх дэлгүүрт хадгалж борлуулахыг завдсан хэрэгт холбогджээ. Ингэж хууль бусаар малтлага хийхийн тулд гол зохион байгуулагч гэх Б.Энхболд нь хамтрагч нартаа зардлын мөнгө шилжүүлэн олгосон гэдгийг ч хууль сахиулагчид тогтоосон байна. Уг хэргийн холбогдогч нарын нэг нь зөвхөн хууль бусаар археологийн малтлага хийгээд зогсохгүй, хуурамч баримт бүрдүүлж, “Чингис хаан” музейд археологийн 80 гаруй эд зүйл худалдахыг завдан холбогдох албан тушаалтантай нь тохиролцож байсан гэнэ. Тодруулбал, манай улсын нутаг дэвсгэрээс олддог эртний булш, бунхан, хиргисүүрээс олддог, нийтийн тооллын өмнөх хоёр мянган жилээс манай тооллын XV зууны үед хамаарах олдворуудыг Англи улсын “Timeline auction limited” компаниас зохион байгуулдаг цахим дуудлага худалдаанаас авсан мэтээр баримт бүрдүүлж, “Чингис хаан” музейд худалдах гэж байсан аж.
НПГ-аас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 25.4-1, 25.4-2 дахь хэсгийн “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн, түүнийг санхүүжүүлсэн”, 25.5-1-ийн “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан”, 23.2-1 дэх хэсгийн “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 20-24-нд хэрэг бүртгэлтийн 29 775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьснаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 18, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг найм, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав, хууль бусаар ан агнасан хоёр, авлигын нэг гээд нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Ховор амьтны жагсаалтад багтсан хар сүүлт агнаж, тээвэрлэсэн нэгэн иргэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5-1-т заасан хууль бусаар ан агнасан гэх үндэслээр яллах дүгнэлт үйлдсэн бол зэрлэг гургуул, зэгсний зэрлэг гахайг агнаж, тээвэрлэсэн хүнд холбогдох хэрэгт Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас мөн дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна.
Бэлтгэсэн Г.Орчлон