Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд хотод гэмт хэрэг, зөрчил хэр гарч байгааг танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 18,804 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 1.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 503, зөрчлийн шинжтэй 12,283, мөн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1311, зам тээврийн ослын 4585 гомдол, мэдээлэл хүлээж авсан. Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурсан. Харин залилан болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо өссөн” хэмээлээ. Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 1401 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх 14 хоногоос 21 хувиар өсжээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 54 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн ойр орчим, уулзвар, гарцад дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 134 алба хаагч халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. Мөн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад 30 орчим сүм хийдэд зохион байгуулсан ном хурах үйл ажиллагааны үеэр давхардсан тоогоор 32 анги, байгууллагын 4288 алба хаагч, 335 тээврийн хэрэгсэл, 300 хамгаалалтын хайстайгаар ажиллаж хэв журам сахиулжээ.