“Хөх сувд-2023” мөсний баяр ирэх сарын эхээр буюу 2-4-нд болох товтой буй энэ үед нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас иргэдэд анхааруулсаар байна. Ойрын өдрүүдэд цаг агаар хэт дулаарснаас Хөвсгөл нуурт олон тооны цууралт, хар, цагаан хил гарч, тээврийн хэрэгсэл зорчих аргагүй болсныг байгаль хамгаалагчид сануулав. Иймд эхний ээлжид Хүслийн хад, Живаагийн хил чиглэлд зорчих хөдөлгөөнийг хориглож, тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ. Мөсний баяр болох өдрүүдэд Хатгалд цаг агаар тогтуун, нэмэх хэмтэй байх учир мөсний зузаан эрчимтэй нимгэрч, хайлах төлөвтэй гэнэ. Тиймээс уг баярыг зохион байгуулахдаа болзошгүй осол, эрсдэлээс сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авахыг хамгаалалтын захиргаанаас холбогдох байгууллагынханд зөвлөв.