“Зүүн урд зүг рүү гарч, баруун хойноос гэртээ орох гэтэл болж өгдөггүй, манай байрнаас лав тэгж орж, гарах арга алга аа, аав”.
“Гурилаар хонины толгой хийгээд аваад гартал бөөрөнхийлөгдөөд, юу нь мэдэгдэхгүй бөмбөг шиг юм болж, булах юм уу, яах юм” гэх мэтчилэн утас цохих нь хаврын тэргүүн сарын шинийн нэгний нар мандахтай зэрэгцэн болсон яриа. Монголчуудын олонх нь эл өдөр ирж буй шинэ жилдээ тэгш, зөв явахыг бэлгэдэн зүг мөр гаргах ёс хийдэг. Дээрх хоёр тохиолдолд утасны цаанаас “Бөөрөнхий гурилаа хонины толгой гэж бодож, залбираад бул. Тэрүүхэн зуураа ганц хоёр алхаж, ёслоод буцаад ор” гэсэн л болов уу. Ийнхүү зүгээ гаргаад, бурхан тахилдаа цайны дээжээ өргөн, гэртээ золгон, сайн үгсээ хэлэлцэж аваад, сайхан дээл хувцсаа өмсөөд ахмадуудтайгаа золгохоор “мордон” бид хөлтэйхөн шинэллээ. Өнгөрсөн гурван жил Цагаан сарыг төдийлөн өргөн хүрээнд тэмдэглээгүй хүмүүс энэ жил дэлгэр, сайхан цагааллаа. Хөлтэй, өнгөтэй шинэлж буйг хэдэн зүйлээс харж болохоор байв. Нэгдүгээрт, үндэсний дээл хувцас, гоёл чимэглэлийн загвар хийц, өнгө нүд булааж, өмссөн зүүсэн эзнээ мөн чиг сайхан харагдуулах болжээ. Нялх балчир хүүхдээс эхлүүлэн бүх насныхан үндэсний хувцсаараа гоёж, тэр тусмаа захчин, урианхай, буриад, халх, барга зэрэг ямар ястан гэдгээ илэрхийлэн хувцасласан нь онцлог, дэгжин харагдав. Хэдэн жилийн өмнө эрчүүд ихэвчлэн шляп буюу бүрх, эмэгтэйчүүд булган малгай духдуулдаг байсан бол энэ удаа тоорцог, “жанжин”, бортого, лоовууз тавьж, үнэт эдлэл, үнэт чулуу бүхий толгойн гоёл, шанх, мөн сувдан даруулга, шивэргэл хэмээн зарим нутагт нэрийддэг үсний уут зүүн гангарсан нь цөөнгүй байлаа. Энэ нь бэл бэнчингээ гайхуулах гэхээс илүүтэй, Цагаан сард ач холбогдол өгч, дээр үед хэрэглэж, агсаж ирсэн үнэт эдлэлийг үргэлжлүүлэн зүүх, хойч үедээ таниулах эрмэлзэл гэмээр санагдсан. Үндэсний дээл хувцсыг олуул ийн донж маягийг нь тааруулан өмссөн нь торго дурдан, оёдлын газруудын борлуулалтыг дэмжсэн нь дамжиггүй. Энэ талаар “Нарантуул” захад торго, даавуу борлуулдаг нэгэн “2019-2022 онд ер нь бүх төрлийн баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүйтэй холбоотойгоор бидний борлуулалт илт буурсан. Харин энэ жил ачаалалтай ажиллалаа. Манайх хоёр лангуутай, арванхоёрдугаар сараас энэ сарын эхний долоо хоног хүртэлх хугацаанд 300 орчим сая төгрөгийн торго, дээлийн даавуу борлуулсан. Хамгийн үнэтэй, тренд болж буй ямар торго байна вэ хэмээн сураглах хүн олон байв. Энэ жилийн хувьд тод ногоон, ягаан, улаан өнгийн торгыг бүсгүйчүүд, эрчүүд нь цэнхэр, саарал, хар ногоон өнгийг голдуу сонголоо. Торго, даавуу хамгийн өндөр үнэтэй нь манайд метр нь 130 000, хямд нь 8000 төгрөг байна” гэв.
Сар шинийн баярын ширээ, тавгийн идээний өнгө зүсээр тухайн айлын шинэ жилийн өнгийг шинжин, “Идээ будаа сайхан харагдана, ирэх ондоо элбэг дэлбэг, өнгөтэй байх нь” хэмээн ярилцах нь бий. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зарим хүн, сошиал орчинд ч ууц тавих, их хэмжээний мах чанан нэгнээ зочлохыг шүүмжлэх нь олширсон. Ууц, өвчүү болон махны үнэ өндөр, мөн олон өдөр хадгалан идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас худалдан авахаас татгалзах нь зүйтэй гэх хандлага ч гарч буй билээ. Гэсэн ч айлууд ууц, өвчүү тавин, мах чанаж, уламжлал ёсоор сар шинээ угтсаар. Харин хэвийн боовоор тавгаа засах нь арай цөөрсөн янзтай. Айлууд цагаан идээ, жимс таваглахын зэрэгцээ аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн сонголт хийжээ. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэсэн ундаа, аньс, чацарганын шүүс, шоколад, архи, жигнэмэг айл өрхүүдэд элбэг. Залуу гэр бүлүүд жижиг хэмжээтэй хэвийн боовыг гурван үе өрж, төрөл бүрийн цагаан идээ, чихэр, хатаасан жимс зэргийг бага багаар таваглан, минимал ширээ зассан нь олон байв. Мөн урд хөршөөс авдаг, хямд, чанар муутай ч багагүй мөнгө зарлагадан бэлтгэдэг гарын бэлэг бараг харагдсангүй. Хүмүүс ихэвчлэн бэлэн мөнгө, дотоодод үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйл, хувцас зэргээр зочдынхоо гарыг цайлгаж байсан нь нэг талаас хэмнэлттэй, нөгөөтээгүүр бийлэгжүү бэлэг аж. Үүнээс гадна сар шинийн өдрүүдэд архи дарс хэтрүүлэн хэрэглэх хүн илт цөөрчээ гэлтэй. Энэ тухайд болон Цагаан сарын талаар Хан-Уул дүүргийн иргэн, нас сүүдэр 84 хүрч буй Г.Аръяа “Цар тахлын улмаас Цагаан сар тэмдэглээгүй гурван жилд өвчин хууч ороож, таагүй зүйлс тохиолдлоо. Мөн хөгшин минь өөд болж сэтгэл санаа гундуу байгаа ч гашуудал зовлонгоо ардаа үлдээн, сайн үгийг хэлэлцэн ирэх жилээ шинээр, өөдрөгөөр угтах ёсыг бодон шинэлж сууна. Хүүхдүүд, ач, зээ нараас минь гадна хол, ойрын олон хамаатан зочилж ирээд сайхан гэдэг нь. Манайх хүүхэд, томчууд нийлсэн, 130 орчим хүнд гарын бэлэг зэхсэн ч дуусах тийшээ хандаад (шинийн гурванд) ахиад бэлтгэж байна. Ер нь бүх хүнд л бэлэн мөнгө барья гэсэн охины зааврыг баримталлаа. Нэмж хэлэхэд, жил бүрийн сар шинээр залуус нь ахас ихсээ хүндлэн, бүр холын хамаатнуудтайгаа ч золгон, уулзаж учрахыг зорин улам бүр сайхан шинэлдэг болжээ. Автомашинтай явдаг болоод ч тэр үү, архи уух, архиар нэгнээ шахах хүн ч алга. Цагаан сар шиг сайхан баяр ялангуяа өндөр настнууд бидэнд бараг байдаггүй юм. Жилдээ хоёр гурван л өдөр ураг удмынхнаа цуглуулж, хүндлүүлж, бас дайлж цайлаад гаргадаг, сайхан шүү дээ” хэмээн ярив.
Сар шинийн өдрүүдээр авто замын ачаалал өсөн, зам түгжрэх нь элбэг. 2015-2017 онд Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Бэлх, Сэлх чиглэлд иргэд замын түгжрэлд 4-5 цаг зогсон, арга аашаа барж байсан нь тодхон санагдана. Харин сар шинийг өргөн дэлгэр тэмдэглэлгүй өнгөрүүлсэн сүүлийн хэдэн жил түгжрэл ажиглагдаагүй. Тэгвэл энэ жил зам нэлээд түгжирсэн нь зорчих хөдөлгөөн илт ихэссэнтэй холбоотой. Түүнчлэн шинийн нэгний өдөр Баянбүрдийн тойргоос Долоон буудал хүртэл урт цуваа үүссэн ч бараг 100 метр тутам цагдаа зохицуулж, шуурхай үйлчлэхийг хичээж байв. Дэнжийн мянга, Хайлаастын гэр хороолол дунд ч цагдаа нар зогсон, сайн ажилласан учраас тэдэнд талархлаа илэрхийлэх нь зүйтэй.
Буурал жил морилж, буянтай жил гарч, өвгөн жил улирч, өлзийтэй жил ирэн бид “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилтэй золголоо. “Цагаан сар бол монгол бэлгэдлийн цогцолбор чуулбар. Монгол бэлгэдлийн тогтолцоо нь дэлгэвэл дээврийн чинээ болно, хумивал хуруувчийн чинээ болно” гэсэн Ардын багш, угсаатан зүйн нэрт эрдэмтэн С.Дуламын үгийг энд эш татъя.