БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдан, хэдэн мянгаараа орон гэргүй болсонд гашуудаж, дэлхийн олон орноос аврах баг, хандив тусламж хүргэсээр байгаа билээ. Эл үйл ажиллагаанд Монголчууд ч мөн нэгдсээр байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид нэгдэж, нэг өдрийн цалин буюу 78 764 495 төгрөг хандивлажээ. Хандивт тус яамны харьяа 95 байгууллага нэгджээ. Улмаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Элчин сайд Зафер Атешид дээрх тусламжийг гардуулж өгсөн юм.
БНТУ-ын Элчин сайд Зафер Атеши хэлсэн үгэндээ “Гадаад томилолтоос дөнгөж ирэнгүүтээ бидний эмгэнэлийг хуваалцахаар ирсэн Сайд танд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Монгол Улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн хот руу баг илгээж, найман хүний амь авраад эх орондоо ирсэн. Мөн иргэдийн хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байгаа. Та бүхний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй” хэмээжээ.