НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Байгаль орчны хөтөлбөр, БОАЖЯ хамтран ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотод “Цэвэр агаар” дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах гэж буй. Үүний хүрээнд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран өнгөрсөн бямба гарагт “Ногоон үе” чуулган зохион байгууллаа. Үүнд нийслэл, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн 8000 гаруй сурагч оролцож, агаар, орчны бохирдлын тухай мэдлэг, мэдээллээ солилцон, үүнтэй тэмцэхэд оруулах хувь нэмэр, шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргах түвшний хүмүүстэй зөвлөлдсөн байна. Мөн цахим судалгаанд хамрагдаж, амьдран буй бүсэд нь агаарын чанарын үзүүлэлт, үр нөлөө ямар байгааг мэдээлсэн аж. Чуулганд оролцогчид “Агаар, орчны бохирдлоос хамтдаа сэргийлье” гэсэн уриалга дэвшүүлжээ.