Нэхэмжлэгч А, хариуцагч Б нар хамтдаа самар түүн бэлтгэж худалдаалан олсон орлогоо хувааж авсан аж. Нэхэмжлэгч А самар түүж бэлтгэж олсон орлогыг тэнцүү хуваана гэж тохиролцсон боловч өөрт нь ногдох хэсгийг бүрэн өгөөгүй учир олсон орлогын зохих хэсгийг Б-с гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б нь бид самраа 60:40 хувиар хувааж авахаар тохирсон гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А,Б нар хуш модны самар бэлтгэх хууль болон журмаар заасан хугацаанаас өмнө самар түүж бэлтгэсэн болох нь тогтоогдсон. Хэдийгээр олсон орлогоо тэнцүү хуваахаар тохирсон А,Б нарын тохиролцоо нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх боловч хууль бусаар олсон орлогыг хуваарилах талаар маргаж хохирол нэхэмжилснийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд хууль зөрчиж олсон орлогыг нэхэмжилж байгаа хуулийн дагуу үүсээгүй эрхийг шүүх хамгаалахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.