Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар цолыг Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Гавьяат малчин Д.Лхагва, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор Ц.Балхаажав нарт хүртээв. Мөн Ардын цолоор хоёр эрхмийг шагналаа. “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ц.Үенч Ардын жүжигчин, МУБИС-ийн зөвлөх профессор, Гавьяат багш Х.Мөнхбаяр Ардын багш боллоо. Түүнчлэн 13 эрхэмд Гавьяат цол олгосон юм. Тодруулбал, Гавьяат багш цолоор “Амьдрах ухаан” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тэргүүн С.Чулуунбаатар, Дорнод аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн багш, сургалтын менежер асан Д.Цэрэнханд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн зөвлөх, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн ахмад багш Т.Булган нарыг шагнав. Мөн Гавьяат холбоочин цолыг “Эн Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг “Чиглэл” компанийн захирал Ц.Бумцэнд, “Грийн энержи простерити” компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхболд нарт хүртээлээ. Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин Б.Төмөрчулуун, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир нар Гавьяат малчин, “Монголиан транс ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сүхбаатар Гавьяат тээвэрчин болов. “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Г.Оюунцэцэг Соёлын гавьяат зүтгэлтэн, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн менежер Г.Баясгалан Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Улаанбаатар” театрын дарга, найруулагч Р.Мөнхсайхан Урлагийн гавьяат зүтгэлтэн, ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч, клиникийн профессор Ө.Өлзийбаатар Гавьяат эмч цол хүртлээ.