Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв байгуулах Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс дэмжин ажиллахаар болжээ. Үүний хүрээнд төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг “Сайнс тэч гэйт” ХХК-иар гүйцэтгүүлж, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагынханд танилцуулсан байна. Ийм төвтэй болсноор зэрлэг амьтан хамгаалах, үржүүлэх ажлыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан, төр, хувийн хэвшлийн олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буй аж. Мөн орон нутгийн хөгжил, аялал жуулчлалыг дэмжих суурь баазтай болно гэж тооцоолжээ. Мэргэжилтнүүд төслийн урьдчилсан судалгаа, үндэслэл боловсруулахдаа нэн ховор, ховор амьтдын гол тархац нутаг болсон Захуй, Зармангийн говь, Цагаан бургаст тулгуурлахаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн Н.Мишээл