Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийн хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан зөвлөх Грант Миллер энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Тэрбээр Уэльсийн ханхүү Уильям, Лорд Уильм Хэйг нарын дэмжлэгтэйгээр тус нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Зэрлэг амьтны төлөө” санаачилгад Монгол Улсын Засгийн газар, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, авиа компаниудыг нэгдэхийг уриалж, танилцуулга, мэдээлэл хийв. Үүнд Монгол дахь ИБУИНВУ-ын ЭСЯ, БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Монголын зэрлэг амьтан хамгаалах, судлах төв, МИАТ, “Изинис эйрвэйз” ХК-ийн төлөөлөл оролцлоо.
Одоогоор Ойрхи Дорнод, Өмнөд болон Баруун Африк, Зүүн Өмнөд Ази, Европ, Америкийн бүс нутагт “United for wildlife” буюу “Зэрлэг амьтны төлөө” санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулаад буй гэнэ. Британи, Тайланд, Араб зэрэг улс зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд авиа компаниуд нь ховордсон амьтдын зургаар онгоцоо чимэглэж, олон улсад дуу хоолойгоо илэрхийлдгийг Грант Миллер онцлов. Монголын авиа компаниуд ч ийм байдлаар уг санаачилгад нэгдэх боломжтойг дурдсан юм. БОАЖЯ-ны зүгээс амьтны хууль бус худалдааг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтрах, шаардлагатай хэлбэрээр туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.