Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс мэдээллээ. Монголд ийм үзэгдэл жилд дунджаар 50-60 бүртгэгддэг байсан бол сүүлийн 10 жилийн дунджаар 95 болж өссөн гэнэ. Өнгөрсөн онд 85 тохиолдол гарснаас 76 нь аюулт, ес нь гамшигт үзэгдэл байжээ. Үүний улмаас дөрвөн хүн эндэж, 8000 орчим толгой мал хорогдон, 300 гаруй өрхийн гэр, байшин сүйдэж, нийт 2.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Хамгийн их хэмжээний хохирол учруулсан гурван үзэгдэл зургаа, долдугаар сард тохиожээ. Зургадугаар сарын 17-нд Архангай, Өвөрхангай, Хөвсгөлд орсон гэнэтийн, хүчтэй аадрын улмаас таван сумын 10-аад айлын гэр нурж, 5000 мал хорогдон, 545 сая төгрөгийн хохирол амссан гэнэ. Долдугаар сарын 10-нд нийслэл болон Төв, Булган, Завхан аймагт хүчтэй аадар цутгаж, аянга буусны улмаас хоёр иргэн эндэж, 3000 толгой мал хорогджээ. Харин долдугаар сарын 26-нд төвийн бүсийн нутгаар орсон аадар зам, дэд бүтэц, гэр хорооллын айлуудад 600 сая төгрөгийн хохирол учруулсан аж. Цаг агаарын шалтгаант аюулт болон гамшигт үзэгдлийг төрлөөр нь авч үзвэл ган, зуд, ой, хээрийн түймэр, аадар, уруйн үер, нөөлөг салхины давтамж ихэсжээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас гадна агаар, хөрсний хэт халалт, хуурайшилтаас үүдэлтэй түймрийн тохиолдол мөн нэмэгдсэнийг онцлов. 2021 онд 65 удаа түймэр дэгдсэн бол өнгөрсөн жил 179 удаа гарчээ. Үүний улмаас байгаль орчинд 12.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Бэлтгэсэн Н.Буян