Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн хилийн боомтын гаалийн улсын байцаагч Отгонбаяр эрх мэдлээ урвуулан, их хэмжээний архи, согтууруулах ундаа хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд 48 цагийн хугацаатай албадан саатуулж, улмаар яллагдагчаар татан, үргэлжлүүлэн цагдан хорих санал тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан гэнэ. Нэг нутагт амьдардаг, бие биеэ таньдаг албан тушаалтнууд ийнхүү нөгөөгөө хаацайлж байгаа тухай орон нутгийн хэд хэдэн эх сурвалж бидэнд мэдээллээ. Хүчин төгөлдөр үйлчилж буй Гаалийн тухай хуулийг дагалдуулан баталсан Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.10-т “Орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи, дарс, шар айргийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдах”-аар заасан. Харин Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-т заасны дагуу бол архи, дарс тус бүр хоёр, шар айраг гурван литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг гаалийн болон бусад албан татваргүйгээр хилээр нэвтрүүлэх журамтай. Энэ журмыг зөрчин 2023 оны нэгдүгээр сард Алтанбулагийн боомтын гаалийн улсын байцаагч Отгонбаяр татваргүй барааны дэлгүүрүүдээс хоёр машинд ачсан их хэмжээний архи албан тушаалаа ашиглан нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон аж.
Бэлтгэсэн Г.Орчлон