Иргэн Г-ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар “Иргэн Г нь эгчийнхээ гэрээс гараад ажилдаа явахдаа асфальтан замын хажуугаас Samsung galaxy А-22 маркийн гар утсыг олсон ба уг утас унтарчихсан цэнэггүй байсан тул гар утсыг өөрийнхөө гэрт 7 хоног хадгалсны дараа аймгийн төвд байрлах утас засварын газарт очиж программ уншуулж, шилэн наалт болон гар утасны гэр, цэнэглэгч зэргийг өөрчилж, өөрийн хэрэгцээнд ашигласан байна.
Эрүүгийн хуульд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан байна.
Иргэн Г-ийн үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж гэм буруутайд тооцсон ба түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ