Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн иргэн “Т” нь хоёрдугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийхийг завдах үед тухайн айлын дохиолол дуугарсан аж.
Иргэн “Т” нь хэргийн газрыг орхин зугтахдаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхиж явсан. Ийнхүү тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгож, “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх худал дуудлага өгсөн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Шалгалтын явцад “Т”, “Ш” нар нь бүлэглэн бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.