“Лос-Анжелес лейкерс” багийн лидер Л.Жэймс өнгөрсөн долоо хоногт NBA-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч болсон. Энэ бол супер одын карьерын хамгийн тод амжилтын нэг гэдэг нь гарцаагүй юм. Гэхдээ лигт 20 жил тоглож буй тэрбээр өөр олон дээд амжилтыг эвдэх боломжтой
Леброн лигт тоглох тусам хамгийн ахмад тоглогч гэсэн тодотголтой амжилтуудын эзнээр тодорсоор байх болно. Гэхдээ тэдгээрийн дундаас хамгийн ач холбогдолтой нь улирлын мэргэн бууч юм. 1997- 1998 оны улиралд М.Жордан 35 нас, 72 өдөртэйдөө28.7 оноо дунджилж, оноо авалтаар лигийн бүх тоглогчийг тэргүүлсэн. Түүний ард дунджаар 28.3 оноо авсан Ш.О’Нил орсон билээ. Тэр цагаас хойш нэг ч ахмад тоглогч эл дээд амжилтыг эвдээгүй байна. Хамгийн ойртож очсон нь С.Көрри. Тэрбээр 2020-2021 оны улиралд 32 оноо дундажлахдаа 33 нас, 47 өдөртэй байсан юм. Энэ жил 38 настай Л.Жэймс 30 оноо дунджилж буй. Энэ нь түүний хувьд сүүлийн хэдэн улирлын хамгийн өндөр үзүүлэлтгэдгийг сануулъя. Гэхдээ түүний өмнө 33 оноо дунджилж буй Л.Дончич, Ж.Эмбийд нарын залуу супер одод бий.
“Нисдэг хүн” М.Жорданд харьяалагддаг мөнхийн гэмээр өөр нэг дээд амжилт. Тэрбээр 562 тоглолтод 30+ оноо авсан. У.Чэмберлэн (516 тоглолт) хүртэл эл үзүүлэлтээр Майклд ойртож очоогүй билээ. Харин Леброн Уилтийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гүйцсэн бөгөөд энэ улиралд аль хэдийн 17 тоглолтод 30+ оноо аваад байна. М.Жорданыг гүйцэхийн тулд Леброн 32 тоглолтод 30 давсан оноо авах шаардлагатай.
Локаутын улмаас богиноссон 1998-1999 оны улирлын “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнтэй тоглогч”-оор (MVP) “Юта жааз” багийн довтлогч К.Мэлоун тодорсон. Тухайн үед тэрбээр 35 нас, 280 өдөртэй байсан учир хамгийн “ахмад” MVP болон түүхэнд үлджээ. Хэдхэн өдрийн дараа К.Мэлоуны тоглож байсан Юта хотод болох “Бүх оддын тоглолт”- ын MVP-ээр хэн тодрох нь тодорхойгүй. Гэхдээ Л.Дончич, Я.Антетокунмпо, Ж.Эмбийд, К.Дюрант зэрэг олон супер одын өрсөлдөөн дундаас MVP болох нь Лебронд амаргүй байх болов уу.
К.Абдул-Жаббарын дээд амжилттай эн зэрэгцэхээс гадна “Лейкерс”-тэй холбоотой учир энэхүү дээд амжилтыг эвдэх нь Л.Жэймст чухал байж болох юм. Яагаад гэвэл плей-оффт хамгийн олон трипл-дабл (30) хийсэн нь “Лейкерс”-ийн домогт тоглогч Мэжик Жонсон билээ. Харин Леброн түүнээс хоёр трипл-даблаар хоцорч буй. Гэхдээ тэрбээр“Лейкерс”-ийн өмсгөлтэйгөөр эл амжилтыг эвдэх, эсэх нь маргаантай юм. Ташрамд дурдахад, финалд хамгийн олон трипл-дабл хийсэн амжилтаар Л.Жэймс Мэжикийг (11 болон 8) аль хэдийн гүйцсэн билээ.
Улирлын тоглолтод оролцсон минутаар Леброн лигийн түүхэнд гутгаар байрт (53 708) явж байна. Түүний өмнө К.Абдул-Жаббар (57 446), К.Мэлоун (54 852) бичигддэг бөгөөд Леброн ирэх улирлын эхээр
хоёрдугаар байрт орох боломжтой юм. Харин эхний байрт орох боломж тийм ч өндөр биш. Леброн улиралд дунджаар 2000 орчим минутыг талбайд өнгөрүүлдэг агаад хоёр жилийн дараа л тэргүүн байр эзлэх боломжтой. Мэдээж тэрбээр дахин хоёр улирал тоглох хүсэлтэй ч гэмтэл бэртэл, эрүүл мэндийн асуудлыг бодолцож үзэх ёстой болно. Эдгээрээс гадна торгуулийн шидэлт болон оновчтой довтолгооны тоогоор Л.Жэймс лигийн түүхэнд тэргүүн байрт бичигдэх боломжтой юм.
Бэлтгэсэн Н.Энх