Гол, нуурын мөс цөмөрснөөс үүдэлтэй осол энэ онд улсын хэмжээнд найман удаа гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Онцгой байдлын албаныхан тэдгээр ослоос гурван иргэний амийг аварч, 13 хүн, тэр дундаа хоёр хүүхдийн аюулгүй байдлыг хангасан аж. Мөн таван тээврийн хэрэгслийг уснаас татан гаргажээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт энэ сарын 13-нд Орхон голын мөс цөмөрч, суудлын автомашин суужээ. Мөн Увс аймгийн Завхан сумын нутагт Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин живсэн осол энэ сарын 11-нд гарсан байна. Уг машинд найман зорчигч байсан бөгөөд тэдний тав нь хүүхэд аж. Тэднийг автомашинаас эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд гурван хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Завханы Сонгино сум дахь эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өдгөө уг тээврийн хэрэгслийг татан гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Хүйтний эрч суларч буйтай холбоотойгоор гол, нуурын мөс нимгэрч буй тул иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.