Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа. Тус боомтын дэд бүтцийн шинэчлэлийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна. Ингэхдээ Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн, авто болон явган хүний зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ. Харин Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах гэнэ. Ингэснээр ачаа, тээврийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх аж.
Бэлтгэсэн Б.Уран