НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, БОАЖЯ хамтран ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотод “Цэвэр агаар” дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах гэж буй. Үүний хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, “Пипл ин нийт”, “Жэрэс”, “Агаарын харуул” төрийн бус байгууллага, Тогтвортой санхүүжилтийн холбоо, МУИС хамтран хоёр үе шаттай зохион байгуулсан “Агаар нэг” хакатоны эцсийн шалгаруулалт өчигдөр боллоо. Хоёрдугаар шатанд долоон баг тунаж үлдсэнээс ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн NZEB баг “Эрчим хүчний хэмнэлттэй, хосолмол эх үүсвэртэй, модул сууцын загвар хөгжүүлэх төсөл”-өөрөө тэргүүн байрт шалгарлаа.
Энэхүү хакатоны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах дэвшилт арга, технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүний загвар шалгаруулах бөгөөд багууд “Монгол гэр, амины сууцын дулаан алдагдал бууруулах”, “Гэр болон хувийн сууцын халаалтын систем”, “Цахилгаан, дулаан хангамжийн төвлөрсөн бус систем” гэсэн гурван чиглэлээр төсөл боловсруулсан юм. Тэргүүн байрт шалгарсан багийн хувьд техникийн өрөөтэй, халаалт, агааржуулалтын автомат системтэй шинэ төрлийн сууц нэвтрүүлэх төсөл танилцуулсан байна. Эрчим хүчний хэмнэлтийг дан ганц дулааны алдагдлыг бууруулах замаар шийдэхгүй, автоматжуулалтын систем нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн санал дэвшүүлжээ.
“Агаар нэг” хакатоны шүүгчээр ажилласан, НҮБ-ын Хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал “Эцсийн шатанд шалгарсан бүх төсөл амьдралд хэрэгжүүлэх боломжтой, шилдэг шийдэл байлаа. “Мон ашид” компанийн дулаан хадгалагчтай халаагуур, “Есөн өргөө”-гийн дотоодын эх үүсвэр, түүхий эд ашиглан бүтээсэн монгол гэрийн дулаалгын багцын төслийг эргэн харж, хэрэгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгааг судална” гэв.