Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Соронзонболдод холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гаргажөгч, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Дэлхий нийтэд тархсан цар тахлаас үүдэн БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг хил нэвтрүүлэхийн тулд PCR шинжилгээ авдаг болсонтой холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллагынхан Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг лабораториудын шинжилгээ хийх болон хариу гаргажбуй явцыг 2021-2022 оны өвөл судалсан билээ. Энэ үеэр “Оюутолгой” ХК-ийн ажилчдаас шинжилгээ авдаг “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ хүргүүлэн шинжлүүлдэг болохыг нь хууль сахиулагчид тогтоосон байдаг. Тус компанийнхан ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь “Гэрэгэ” системд өөрийн байгууллагын албан баланк дээр гаргажбуйг тодорхой болгосон юм. Улмаар ҮИТ-ийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчсөнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоосон билээ.
НПГ-аас Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, MNS ISO15189:2015 стандартын шаардлагыг хангаагүй нэр бүхий компанийн эмнэл зүйн лабораторид шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хоёр долоо хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг энэ сарын 14-ний мягмар гаргийн 13.30 цагт хэлэлцэхээр товлоод байв. Гэвч гэрчээр дуудагдсан Үндэсний итгэмжлэлийн төвийн техникийн хорооны шинжээчид болох М.Цэрэндэжид, Б.Ичинхорлоо, С.Чимэдцэрэн, З.Үнэнзаяа, О.Аззаяа нарын зарим нь шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурлыг ирэх сарын 2-ны 13.30 цагт хийхээр хойшлуулжээ.
Бэлтгэсэн Г.Орчлон