Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа. Ерөнхий командлагчийг Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байрлалд очиход тус ангийн захирагч, хурандаа В.Хундгаа үйл ажиллагаагаа танилцуулав. Бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо 8252 кмурт торгон хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй, нэр төртэй хамгаалж байгаа хилчин дайчид, тэдний ар гэрийнхэнд нь Монголын төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлсэн юм. Цаашид улсын хил хамгаалалтын чадавхыг сайжруулах, найдвартай байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хилчдийн нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлж, амжилт хүслээ. Тэрбээр тус ангид машин, техник гардуулах ёслолд оролцсон байна.
Бэлтгэсэн У.Наран