Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Э, A.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Э.Э, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2022 оны долоодугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр 2.000.000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг Д аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт, 1.700.000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг Ө аймгийн М сумын нутаг дэвсгэрт тус тус дробинка буугаар буудаж агнасан байна.
Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэжээ.
“Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдвэл 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын иргэн Э.Э-г 5.400.000 төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А-г 15.000.000 төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нарыг 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ 39.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нийт 7.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх