Цагдаагийн байгууллага “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 10- 11-нд шилжих шөнө нийслэлийн есөн дүүрэг болон Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Ховд аймгийн хэмжээнд “Уусан бол бүү жолоод” хяналт, шалгалт зохион байгуулахад цөөнгүй зөрчил илэрчээ. Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 175, жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа замын хөдөлгөөнд оролцсон 275 хүнийг илрүүлж, зохих хууль, журмын дагуу арга хэмжээ авчээ. Түүнчлэн энэ үеэр гэмт хэргийн шинжтэй 11 үйлдлийг илрүүлж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан хүн, эд зүйлсийг ч олж тогтоосон байна. Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор хот доторх болон орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, аюулгүй байдлаа хангахыг Тэээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тэрчлэн хулгайн гэмт хэргээс сэргийлж, үнэ бүхий эд зүйлсээ автомашиндаа үлдээхгүй, хадгалахгүй байхыг зөвлөв.
Бэлтгэсэн Н.Мишээл