Прокуророос иргэн Э-г “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн Э нь facebook ашиглаж “бүх төрлийн тавилга түргэн шуурхай хийж, хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө” гэх худал зар тавьж, бусдын хийсэн төрөл бүрийн тавилганы зургийг уг хаягтаа байршуулан, захиалга өгөх гэсэн иргэдээс “урьдчилгаа” гэж мөнгө шилжүүлэн авч, нийт 183 иргэнийг залилж 49 809 100 төгрөгний хохирол учруулсан аж.
Эрүүгийн хуульд зааснаар, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгосон үйлдлийг “залилах” гэмт хэрэг гэж үзэхээр заасан байдаг. Шүүгдэгч Э-ийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангасан, цахим хэрэгсэл ашиглан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоос 6 357 600 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.