Монгол Улс дахь НҮБ-ын нийгэмлэг, БОАЖЯ, “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. 2023 оны хөтөлбөрийн сургалт ирэх сарын 5-нд эхэлж, гурван сарын турш үргэлжлэх нь. Сурагчид энэ хугацаанд Хан-Уул дүүргийн XX хорооны нутагт орших “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ням гараг бүр онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж, уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрс, агаарын бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг экологийн тулгамдсан асуудлыг судлан, салбарын мэргэжилтнүүдээс мэдээлэл, зөвлөгөө авч, багаараа бичил төсөл хэрэгжүүлэх аж. Түүнчлэн музейн боловсрол, мэргэжил сонголттой холбоотой хөтөлбөрүүдэд хамрагдах нь. “Өсвөрийн байгаль хамгаалагч-2023”-т хамрагдах хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулийн 12-16 насны сурагчдыг энэ сарын 19 хүртэл бүртгэх юм байна. Гол шалгуур нь өөрийгөө хөгжүүлэх, нийгэм, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлэх эрмэлзэлтэй, долоо хоногт 4-5 цагийг сургалтад зарцуулах боломжтой байх гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл