ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач С.Далантай, Г.Батболд, Ц.Буянхишиг нарыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн медаль”-иар шагнажээ. Тэднийг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг судлалын академийн хамтарсан экспедицийнхний Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт хийсэн малтлага, судалгааны төсөлд идэвх зүтгэлтэй оролцсон хэмээн ийнхүү үнэлсэн байна. Хоёр орны археологичид Номгоны дурсгалт газар дахь тахилын цогцолбороос руни болон согд бичээс бүхий гэрэлт хөшөөний бичиг илрүүлсэн нь Эртний Түрэгийн түүхэнд холбогдох бичгийн дурсгалын хосгүй өвд тооцогдож буй аж. Хамтарсан баг уг хөшөөний бичээсийг тайлж унших судалгаа, тахилын цогцолбор дахь малтлагаа дуусгасны дараа үр дүнг нь олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Н.Буян