Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, ялангуяа нийтийн тээврийн автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулахын тулд тусгаарлах хашлагууд хийхээр болсон гэнэ. Үүний хүрээнд нэн тэргүүнд Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Уг ажлыг энэ оны эхний хагаст багтаан дуусгах чиглэлийг холбогдох албаныханд өгснөө Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлсэн юм. Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжны авто замын нэгдүгээр эгнээг ийнхүү чөлөөлөхөөр судалж байгаа гэнэ. Үүнд хотын хамгийн түгжрэлтэй хэсэг гэгддэг Яармаг, 120 мянгат орчмын зам хамаардаг.
Бэлтгэсэн Ч.Зул