Манай сайтад нийслэлийн Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийн эцэг, эхийн төлөөлөл ноцтой мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, тус сургуулиас сургуулиас сурагчдад өгч буй “Үдийн цай”-ны чанар муу, стандартын шаардлага хангаагүй, засвар үйлчилгээ хийдэггүй, заал анги танхимаа гадны байгууллагад байнга түрээслүүлдэг. Багш нартаа аливаа үйл ажиллагаа зохион байгуулах анги танхим гаргаж өгдөггүй гэх зэрэг мэдээлэл ирсэн. Анги, заалаа гаднын хүмүүст сараар түрээслүүлдэгтэй холбоотойгоор сургууль дотор архидан согтуурдаг, ширээ сандал ихээр эвдэрдэг талаар мөн тэд ярьсан юм. Улмаар эвдэрсэн ширээ сандлыг эцэг, эхүүд удаа дараа засаж сэлбэж байжээ. Мөн багш нар үнэнийг хэлж сургуульд тулгараад байгаа асуудлыг хөндсөнийх нь төлөө Г.Бүрэнмэнд захирал удаа доромжилж дарамталж, хүчээр ажлаас чөлөөлүүлэх өргөдлийг нь авсан гэх мэдээлэл ч байгаа юм. Дээрх байдал нь сүүлийн гурван жил үргэлжилж, шаардлага тавиад ч засаж залруулаагүй учир эцэг, эхүүд 69 дүгээр сургуулийн захирал Г.Бүрэнмэндийг ажлаас нь халуулахаар тэмцэхээ илэрхийлсэн юм. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүдээс 69 дүгээр сургуулийн багш Г.Бүрэнмэндтэй утсаар холбоо барьж дараах мэдээллийг авсан юм.
Г.Бүрэнмэнд: Нэг багшийн өширхлөөс үүдэн сургуулийн нэр хүндийг гутааж болохгүй
-69 дүгээр сургууль анги танхимаа бусдад түрээслүүлж, багш нартаа үйл ажиллагаа зохион байгуулах боломж олгодоггүй гэсэн мэдээлэл ирлээ. Улмаар сурагчид өглөө ирэхэд анги, танхим бохир архины шил, усны саваар дүүрсэн байдаг гэх юм?
-Өнгөрсөн жил “Үдийн цай”-той холбоотой асуудлууд гарсан. Үүний дагуу дотоод хяналт шалгалт хийж асуудлыг зассан. “Үдийн цай” нийлүүлдэг компаниа сольсон. Засвар үйлчилгээгээ шат дараатай хийсэн. Зуны улиралд дээвэр, цонх засах, гадна фасад солих зэрэг томоохон ажлуудаа хийж, дотоод засвараа өнгөрсөн арванхоёрдугаар сард хичээл амрахаар хийсэн. Засварын ажилд багш нарыг оролцуулаагүй, зөвхөн цэвэрлэгээ хийхэд л дуудсан. Одоо будаг, шунх үнэртсэн зүйлгүй, сургуулийн үйл ажиллагаа хэвийн явуулж буй. Багш Н.Мөнгөнцэцэг нь өнгөрсөн жилээс хойш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гурван удаа өгсөн. Сүүлийн хүсэлтийг нь хүлээж авлаа. Энэ хүн хувийн сэдлээр сургуулийн үйл ажиллагааг харлуулж, эцэг, эхүүдийг турхирч, элдэв мэдээлэл гаргаад яваа юм. Үнэхээр элдэв асуудал байгаа бол шалгадаг газар нь шалгуулахад бэлэн. Нэг багшийн өширхлөөс үүдэн сургуулийн нэр хүндийг гутааж болохгүй.