Цагаан дээр хараар бичсэн хууль, тогтоомж, журмаар бол манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хөгжих бүх боломж нь нээлттэй. Ялангуяа хүүхдийг тэгш хамруулан сургах тухай олон тушаал, шийдвэр, журам гаргасан байдаг. Тодруулбал, 2019 онд баталсан Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам бий. Үүнээс өмнө буюу 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Тус хуулийн 15 дугаар зүйлд бүх шатны сургалтын байгууллага болон мэргэжил олгох төвд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөлийн талаарх заалтуудыг тусгасан байдаг билээ. Гэсэн ч эдгээр хууль, журмын хэрэгжилт бодит байдалд тун хангалтгүй байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс хийсэн судалгааны үр дүн нотолжээ.
Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийт 9495 байна. Тэдний 6671 буюу 70.3 хувь нь сургууль, цэцэрлэгт суралцдаг гэсэн статистик бий. Эл үзүүлэлт нь Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу сургууль, цэцэрлэгт хамрагдалт 91.7 хувьтай гарчээ. Харин Төв аймагт уг үзүүлэлт 29.4 хувь байгаа нь хамгийн багад тооцогдсон байна. Ер нь 21 аймгаас гуравт нь л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулсан хувь нь улсын дунджаас дээгүүр гэнэ. Бусад нь бүгд улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байна. Манай улсад 1453 цэцэрлэг, ерөнхий боловсролын 848 сургууль үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс цэцэрлэгт өдгөө 1065, ерөнхий боловсролын сургуульд 5606 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг аж. Сүүлийн таван жилийн дүнгээс харвал сургууль, цэцэрлэгт суралцагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо бага зэрэг буурчээ.
Дээрх институтийн судалгааны дүнгээс харвал, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэг бүх шатанд дутмаг байгаа нь хүүхдүүд боловсролд тэгш хамрагдахад гол саад бэрхшээл болдог аж. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх салбар комисс, багш, сургуулийн удирдлага, эцэг, эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагаа, уялдаа тааруу, мэдлэг дутмагаас холбогдох хууль, журмуудыг хэрэгжүүлэхгүй байна. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролд тэгш хамрагдаж чадахгүй, тойргийн гадна үлдэх шалтгаан болжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй, 2-14 насны хүүхэдтэй 100 иргэнтэй уулзан, ярилцлага хийсэн аж. Тэдгээр хүүхдийн 60 хувь нь эмэгтэй гэнэ. Бэрхшээлийн хувьд нийт хүүхдийн 30 хувь нь даун, аутизмтай, 25 хувь нь саажилт, үлдсэн хувь нь хараа, хэл яриа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй юм байна. Ярилцлагад оролцсон эцэг, эх, асран хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ойлголт цэцэрлэг, сургуулийн орчинд бүрдээгүйг онцолжээ. Жишээ нь, анги удирдсан багш хүүхдийг сургалтадтэгш хамруулах үүрэг хүлээдэг. Гэтэл олонх багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн сургах арга барил эзэмшээгүй. Мөн сургуулийн хамт олон ч энэ талаар хангалттай ойлголтгүйг хэлсэн байна. Түүнчлэн төр, засаг, холбогдох байгууллагуудаас багшийн ачааллыг хэд дахин нэмсэн шийдвэрүүд гаргадаг нь нэрмээс болдог гэнэ. Тухайлбал, нэг багшид хэт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хуваарилдаг. Бас 40-50 хүүхэдтэй хамт сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хоцрогдолгүй хөгжүүл гэх зэргээр шахаж шаарддаг, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргах нь ч бий гэнэ.
Судалгаанд оролцсон эцэг, эхүүд “Сургууль, цэцэрлэгүүдэд хүртээмжтэй орчин бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд саадгүй суралцах боломжгүй. Түүнчлэн боловсролын байгууллагууд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг орхигдуулдаг. Орчны хүртээмжгүй байдлаас болоод хүүхэд бүх хичээлээ үзэж чаддаггүй” гэсэн байна. Энэ бэрхшээл судалгааны явцад ч батлагджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Б “Сургуулиас олон нийтийг хамруулсан янз бүрийн ажил зохион байгуулдаг. Гэвч уралдаан, тэмцээнд оролцох гэхээр хүүхэд минь гүйж харайж чадахгүйгээс болоод хямардаг. Бас би өөрөө дагаж хямраад гарч ирдэг. Дуулж чадахгүй, гүйж харайж чадахгүй хүүхдүүд зурах, бодохдоо сайн байж болно. Гэвч чаддаг зүйлийг нь дагнан хөгжүүлэх ямар ч арга хэмжээ байдаггүй” хэмээжээ.
Харин нэгэн сургуулийн багш “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бие даалгах үйл ажиллагааг түлхүү явуулж байна. Өөрөө бие засах, хоолоо идэх, ус уух гэх мэт. Тэгэхгүй бол би өөрөө байнга дагуулж ариун цэврийн өрөө орох зуур бусад хүүхдийн анхаарал сарнидаг. Төлөвлөгөөг бүтэн жилээр, зааврын дагуу гарган ажиллаж байгаа. Ар гэрийнхний зүгээс багштай хамтран ажиллаж, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих үйл ажиллагаа сул байдаг. “Хүүхдээ цагийн өмнө сургуулиас авч болох уу. Хүүхэд ядраад, ачааллаа дийлэхгүй байна” гэхээр ирж авдаггүй. Багшийн үүрэг мэтээр тулгах нь элбэг” гэж ярьжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэрхшээлийнх нь онцлогт тулгуурлан хөгжүүлэх үүрэгтэй салбар комисс уг нь аймаг бүрт ажилладаг. Гэсэн ч эдгээр комиссын үйл ажиллагаа оновчтой бус байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад саад учруулдаг гэнэ. 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийг баталж, үйл ажиллагааных нь чиглэлийг тодорхойлсон. Уг дүрэмд зааснаар бол 2017 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны комисс, аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комисс ажиллахаар болсон юм. Тус комисс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад тодорхой үүрэг хүлээх ёстой. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аав, асран хамгаалагчид орон нутагт нь байдаг салбар комисс ямар үйл ажиллагаа явуулдаг талаар бараг мэддэггүй нь дээрх судалгаагаар илэрчээ. Тэд салбар комисс нь зөвхөн байнгын асаргаатай хүүхдэд тэтгэмж тогтоож, сунгах шийдвэр гаргахаас өөр үүрэггүй гэж ойлгодог аж. Өөрөөр хэлбэл, аав, ээж, асран хамгаалагчид орон нутгийн салбар комиссын үйл ажиллагаанд муу дүн тавьжээ.
Харин салбар комиссынхны хувьд гишүүд нь орон тооны бус, ажлын ачаалал их байдгаас дорвитой ажиллаж чаддаггүй хэмээн өөрсдийгөө өмөөрчээ. Үүгээр зогсохгүй салбар комиссын гишүүд нь хөгжлийн бэрхшээлийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлгүй, үйл ажиллагаа нь тогтворгүй, ер нь хэрэгжүүлэх ёстой ажлаа мэдэхгүй байх тохиолдол ч гарсан гэнэ. Тухайлбал, Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 235 дугаар тогтоолд “Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндийн шалтгаанаар танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээг бий болгох” гэсэн заалт бий. Уг тогтоолыг батлаад хэдийн хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч өдий хүртэл явуулын багш ажиллаагүй л байх жишээтэй. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, эзэмшүүлэх хичээлийг багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад заавал судлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр багш, албан хаагчдыг тусгайлан бэлтгэх тухай заалтыг ч бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Үүнээс гадна Үлгэрчилсэн загвар, аргачлал батлах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/155 дугаар тушаалд “Ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах аргачлал, зааврыг баталж, хүүхдийн ахиц дэвшлийг үнэлж байгаа багшид нэмэгдэл хөлс олгох” гэж заасан байдаг. Харамсалтай нь, судалгаанд хамрагдсан багш нарын 50 хувь нь нэмэгдэл хөлс авч чадаагүйгээ хэлжээ. Мөн багш нарын олонх нь энэхүү нэмэгдэл хөлсийг авч болох талаар ойлголт, мэдээлэлгүй байсан аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас авхуулаад 21 аймаг, есөн дүүрэг дэх салбар зөвлөл гээд тусгай хэрэгцээт иргэдээ дэмжих, бүхий л талаар хөгжүүлэх боломжтой маш том бүтэц манай улсад ажилладаг. Гэтэл бодит байдалд тэдний ажил цааснаасаа бодит байдал руу хөрвөдөггүйг дээрх жишээ баримтууд бүрэн тодорхойлох биз ээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахтай холбоотой гарсан тушаал, журам, шийдвэрүүд ийм маягаар төдийлөн хэрэгжихгүй байна.