Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК хамтран зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ ирэх амралтын өдөр буюу энэ сарын 11, 12- нд Богдхан уулын Хүрхрээгийн аманд байрлах дээрх компанийн цанын баазад болох нь. Үүнд нийслэл болон 21 аймгаас 1000 гаруй, Өвөр Монгол, Буриад, Халимагаас 80 тамирчин оролцохоор бүртгүүлээд буй аж. Тус арга хэмжээ нь өвлийн жуулчлал, тэр дундаа экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, монгол ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах, нийслэлчүүдэд амралтын өдрөө гэр бүлтэйгээ зугаатай өнгөрүүлэх, цэвэр агаарт өнжих боломж олгох зорилготой юм. Наадмын үеэр мөсөн сур, мөсний шагайн улсын, параглайдинг болон цасны регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах нь. Мөн снөүбоард, мөсөн хананд авиралтын, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн мэргэжлийн тамирчид, сонирхогчид зорин ирсэн хүмүүст шүхрийн, шувуулахуйн, снөүбоардын үзүүлбэр толилуулах бол дэмжигч байгууллагууд халуун хоол, цайгаар үйлчилж, цана, чарга түрээслүүлэх юм байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын өдөр “Блью скай” зочид буудлаас “Скай резорт” цанын баазын чиглэлд нийтийн тээврийн автобус явуулах аж.