Отгон тэнгэрийн улсын тусгай хамгаалалттай нутагт цасны зузаан тал газраараа 30, уулархаг бүсэд 50 см хүртэл зузаан, ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Үүнтэй холбогдуулан байгаль хамгаалагчид дөрвөн өдөр хяналт шалгалт хийж, био техникийн арга хэмжээ авчээ. Ойн туруутан амьтад олноороо нутагладаг Цагаан нүүрийн ам, Бургастын таван зураа зэрэг газарт өнгөрсөн амралтын өдөр 500 кг хужир, 25 боодол ногоон тэжээл байршуулсан байна. Мөн амьтдыг судлах, хянах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер суурилуулжээ.
Монгол бөхөнгийн тархац нутагт ч зудын аюул нүүрлээд буй гэнэ. Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран “Боодол өвс бөхөнг аварна” аян өрнүүлж, хэд хэдэн байршилд био техникийн арга хэмжээ зохион байгуулсан аж. 2001-2002 оны өвөл 750 болтлоо цөөрсөн эл ховор амьтны тоо өнгөрсөн жил 13 925 болсонбайна. Үүнийг бууруулахгүйн тулд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвх зүтгэл, санаачилгатайгаар нэгдэж, бөхөнд боодол өвс дөхүүлж өгөхийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уриаллаа.