ШШГЕГ-аас өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 3-ныг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгыг байгууллагын хэмжээнд өрнүүлж, энэ төрлийн шийтгэл хүлээсэн хүмүүсээр нийслэлд 126, орон нутагт 59 гээд нийт 185 га зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, иргэдэд аюулгүй орчин бүрдүүлжээ. Эл ажилд нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн хүмүүсийг хамруулахын зэрэгцээ харьяа газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчид ч нэгдэж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон эмнэлэг, сургууль зэрэг байгууллагын ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаатай хэсэг, замын орц, гарц, автомашины зогсоолын цас, мөсийг цэвэрлэсэн байна. ХЭҮК, ЦЕГ, УБЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ерөнхий боловсролын сургууль, дүүрэг дэх тохижилт үйлчилгээний хэлтэс, зэвсэгт хүчний зарим анги, төрийн бус 280 гаруй аж ахуйн нэгж байгууллага дээрх уриалгад нэгдэн хамтран ажиллажээ.