Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тус хүрээлэнгийнхэн өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос хойш зудын эрсдэлийн зургийг тав дахь удаагаа шинэчлэн боловсруулсан нь энэ аж. Уг зургаар бол нийт нутгийн 70 гаруй хувьд зудын эрсдэл өндөр гарсан бөгөөд тэдгээрт хаваржилт хүндрэхийг анхааруулжээ. Үүнд Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ хамрагдсан байна. Өмнө нь буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан зурагтай харьцуулахад энэ удаад баруун аймгуудад эрсдэл ихээхэн нэмэгдсэн гэнэ. Ялангуяа зарим газарт зузаан цас тогтон, өнгөн хэсэг нь мөстөж, хатуурснаас мал бэлчих аргагүйд хүрчээ. Үүнийг шилэн зуд хэмээдэг аж. Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан, намар эрт цас орсон, өвлийн эхэн сард эрс хүйтэрсэн зэргээс шалтгаалан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэж дээрх хүрээлэнгийнхэн дүгнэсэн байна.
Манай орны нийт нутгийн 70 орчим хувьд нь өдгөө цасан бүрхүүл тогтоод буй гэнэ. Тэр дундаа Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Төв аймгийн Эрдэнэ сум, нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 21-23 см зузаан цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогджээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр одоогоор есөн аймгийн 23 сум зудтай байна. Үүнээс гадна 12 аймгийн 37 сумд зуд болох эрсдэл өндөр байгаа аж.
Бэлтгэсэн М.Оч